Шинэ жилийн үдэш ба дуучдын ханш

2012/12/07

Бидний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хүүхэд хөгшидгүй догдолдог энэ баярыг сэтгэлдээ хүртэл өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсэхгүй хэн байх билээ. Энэ үеэр тэдэнд хамгийн их баяр нэмдэг хүмүүс бол урлагийнхан. Баяраа тэмдэглэж буй албан байгууллагууд ч жилийн жилд хамтлаг дуучдыг урьж дуулуулж баясан цэнгэдэг уламжлал тогтсоор удаж буй. Харин дуучид уран бүтээлчдийн хувьд ч ганц мөнгө олдог цаг ирлээ гэсэн шиг амандаа орсон тоог хэлдэг нь ч нэг ёсны зуршил болжээ.

Хуучин оноо амжилт бүтээлээр үдэж байгаа албан газрууд урлагийнхантай нэг орой баясч өнгөрөөх нь юу нь буруу байхав. Гэхдээ ажилчдынхаа баярын ширээ, цаашилбал шагнал урамшил гээд нөгөө төсөвлөсөн хэдэн төгрөгнөөсөө нэг дуучинд 3-4 сая төгрөг тавиад туучихвал цаана нь юугаараа баярлах билээ. Эндээс сүүлийн үед манайхан баяр ёслолыг хэтэрхий хавтгайруулж, байдгаа шавхан байж баярлавал сая нэг баярласан болдог нь харагдаад байгаа юм.

Дуучид шинэ жилээр дуулах ханшаа хэдийнэ зарлажээ. Тухайлбал МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар нэг дууг дөрвөн сая төгрөг, “Sweetymotion’’ хамтлагийнхан хоёр дууг гурван сая төгрөгөөр дуулахаа мэдэгджээ. Харин “Хурд” хамтлагийнхан залууст эрч хүчийг мэдрүүлсэн цоглог гурван дууг зохиолын дуучдаас илүү үнээр дуулна гэдгээ нуусангүй. СТА дуучин С.Наран нэг дууг хоёр сая төгрөгөөр дуулна. “Камертон”, “Номин талст” зэрэг хамтлаг гурван дууг мөн 3.0-5.5 саяар дуулах аж.

"Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, “Татар” хамтлагийн гишүүн Заяа, “Шуранхай” хамтлагийн Номин нар ганцаараа нэг дууг сая төгрөгөөр дуулах юм байна. Мөн “Мотив” хамтлаг , "A sound” хамтлаг нэг сая 500 мянган төгрөг, "Outlaw” хамтлаг нэг сая ,”Гурван охин” хамтлаг гурван дууг хоёр сая 600 мянга, "Киви” хамтлаг хоёр дууг хоёр сая , “Нюанс” хамтлаг гурван сая төгрөгөөр дуулах болоод байгаа аж. Зохиолын дуучдын хувьд МУГЖ Х.Болормаа, СТА Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар гурван дууг гурван сая төгрөг, харин Х.Болормаа ганцаараа дуулбал найман зуун мянгаар дуулах аж. 

Мөн СТА Г.Эрдэнэтунгалаг хоёр дууг нэг сая төгрөг, Н.Чулуунбаатар хоёр дууг таван зуун мянгаар дуулахаар тогтжээ. Гэхдээ дээрхи үнэ ханшийн хувьд харьцангуй өндөр байгаа ч тухайн байгууллагатай “зохицох” бодлого баримтлах юм байна. “Firе”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр ханшаа 500 мянга, дуучин А-Сооl нэг дууг 300 мянган төгрөг, дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 300 мянга, дуучин ВХ нэг дууг 400 мянгаар үнэлжээ. “Sync” хамтлаг 700 мянга , Ноён Бондгор сая төгрөгөөр, МУГЖ Ж.Алтанцэцэг гурван дуу хоёр сая 500 мянга, МУГЖ Г.Бүрнээбаяр таван зуун мянган төгрөгийн тус тус ханштай байна. 

Т.Ариунаа, Б. Сарантуяа хоёрын хувьд олон жил дуулсан, аль ч насны хүмүүс сонсож болохоор үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон дуу олонтой учраас дээрхи ханшаар дуулахад эргэлзэх зүйл байхгүй байх. Харин “Sweetymotion” хамтлагийн хувьд арай ахадсан ханш санагдах юм.

Тэдний сонсогчид ихэнх нь залуучууд. “Хурд” хамтлаг анхнаасаа амьд хөгжимтэй дуулж олон фен, сонсогчидтой болсон гэдэг утгаараа арай дөнгүүр ханштай байж болох юм. Тоглолт нь хүртэл цаанаа л нэг зангарагтай болдог шүү дээ. UB паластын концертын их танхимд үзэгч бүрээ суудал дээр нь бүжиглүүлсээр байгаад тоглолтоо дуусгадаг Хурд хамтлагтай барьцах дуучид ховор болов уу. 

Гэхдээ л нэг удаагийн тоглолт нь 30 мянгаас дээш тасалбартай байдаг тэдэнд хоёр гуравхан дууг ингэж үнэлээд байх шаардлагагүй л байгаа юм даа. Хэдийгээр тэдэнд авьяас байгаа ч ард түмнээ өчүүхэн ч атугай бодох хэрэгтэй.

эх сурвалж: нийслэл таймс