Дуучин Г.Тэнүүн Романтик үдшийг бэлэглэх болно

2013/01/28

”Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байж Гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд Хамтдаа байвал болох уу...” хэмээх дуу ямар гоё гээч. Энэхүү дууны эзэн бол Г.Тэнүүн юм. Тэрээр гэгээн хайрын сар буюу хоёр сарын 14-нд өөрийн Ковер тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд түүнтэй хэсэг хором тоглолтынх нь талаар ярилцсан юм.

-              Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа юм байна баяр хүргэе.

-          Баярлалаа. www.Хуур.мн сайтаар дамжуулан та бүхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна.

-          “Romantic night” тоглолт нэрнээсээ авхуулаад их романтик үдэш болох юм шиг санагдаж байх чинь ...

-          Тийм шүү. Ковер тоглолт маань ирэх сарын 14 буюу “Гэгээн хайр”-ын өдөр болох учраас ингэж нэрлэсэн. Тоглолт маань I Loft Function House-т 20 цагаас эхлэх бөгөөд дахин давтагдашгүй  тоглолт болно гэж бодож байна. Хөтлөгчөөр Г.Анхаа болон TV Cocktail-ийн залуус ажиллах бөгөөд их содон хөтлөлтийг танд мэдрүүлэх болно.  Би өөртэйгөө ярьж, өөрийнхөө дотоод сэтгэлийг ухаж байж уран бүтээлээ туурьвидаг.Энэ ч утгаараа тоглолтон дээр миний дуунд дуртай  хүмүүс хүрэлцэн ирэх байх гэж бодож байна.

-           Энэхүү тоглолтын гол зорилго нь юу вэ,  яагаад энэ өдрийг сонгох болсон юм бол?

-          Залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар ховор болчихсон. Баяр ёслол болсон ч энгийн өдөр байсан ч ялгаагүй. Энэ утгаараа нэг ч гэсэн өдрийг хамтдаа чөлөөтэй өнгөрөөхийг хүссэн юм. Суугаад үзэх нэг өөр хэрэг харин босоогоороо дуундаа уяраад, чөлөөтэй байвал илүү гоё байх гэж бодсоны үндсэн дээр мөн хайрын энэ өдөр хайртай хосууд дуулсан дуу болгоныг минь сонсож, танилцаж байсан үеэ санан, бие биеэ илүү их хайрлаасай хэмээсний үндсэн дээр энэ өдрийг сонгосон юм. 

 

-     Тоглолтонд таны өөрийн уран бүтээлээс гадна хичнээн дуу эгшиглэх вэ?

-          Өөрийн дуунуудаасаа гадна “Billboard”-ыг их судалсан бөгөөд бүх цаг үеийн шилдэг гэгдэх хайрын дуунууд дуулагдах болно. Дуунуудаа өөрийн хоолойндоо тохируулан сонгосон  учир таалагдах байх гэж бодож байна.

-          Амьд хөгжимтэй тоглоно гэж байсан. Ямар хамтлагтай хамтарч ажиллах гэж байна даа?

-           Тиймээ. Тоглолт маань цэвэр амьд хөгжимтэй тоглогдох болно. Ер нь тоглолтыг чадварлаг хөгжимчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Тэнүүн band” болон филормонийн төгөлдөр хуурч Анар, Гитарчин Хосоо болон Нисванисын бөмбөрчин Анар нар амьд хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх болно.

-          Тоглолтонд оролцох уран бүтээлчдийн талаар...

-          Вокалистаар “Universe best songs”-ын наадмын шилдэг оролцогч Урнаа, Энгүүн, Sound of kiss-ын Номин, жааз хөгжим сонирхдог залуус нэмэгдэж байгаатай холбогдуулан  дуучин Б.Солонго  жааз хэмнэлд уяраахаар мөн  “Камертон-2” шоуны шилдэг оролцогчид болсон Б.Оргил, Б.Замбалгарав шинэ эрч хүчийг танд бэлэглэх  болно. Тоглолт маань нэг хэвийн гэгдэх тоглолтоос өвөрмөц болох болно.

-          Хөөх тиймүү. Нээрээ тэр болгон хамтлаг, дуучдын тоглолтон дээр үзэгдэж харагддаггүй эрхэмүүд бас ирнэ гэсэн. Энэ талаар жаахан нууцалж байсан. Нууцыг тань дэлгэчихэв үү дээ?

-          (инээв) Тиймээ. Миний тоглолтон дээр Харангын Х.Лхагвасүрэн ах, болон дуучин  Бат-Оргил нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно. Мөн залуустаа хандаж хэлэхэд нэгэн үе залуусыг “шуугиулж” явсан “Татар” хамтлагийнхантайгаа хамтран “Бороо” хэмээх уран бүтээлийг амилуулан дуулах гэж байгаа. Энэ дууг дуулж өссөн залууст таалагдана гэж бодож байна.

-          Тоглолт болгон дээр дуулаад байдаггүй Харангын Х.Лхагвасүрэн ах ирж ая дуугаа өргөнө гэхээр та хоёр ах дүүгийн холбоотой байдаг байхнээ ?

-          Тиймээ. Бид анх 2005 оноос хойш хамтарч ажиллаж байна. Тэрхэн үед “Шар айраг” хэмээх хамтлаг байдаг байсан даа. Тэд клубүүдээр байнга явж дуулдаг байсан ба би хамтлагийн хөгжмийг үүрээд тоглолт болгон дээр хамтдаа байдаг байлаа. Бас хааяа  хөгжмийн найруулгыг нь хянах жишээний ажлыг хийдэг болсноос хойш уран бүтээл дээр тусладаг болсон. 

-             Тэгвэл тоглолт их “гэнэтийн бэлгээр” дүүрэн байхнээ. Фенүүддээ өөр  ямар гэнэтийн бэлэг барих гэж байна даа.

-          Ирсэн залуусдаа  “Picnic debut” цомгоо бэлэглэх болно. Гэхдээ 50 ширхэгийг л өгнө. Хэнд, яаж өгөхийг нь ирсэн хүмүүс л мэдэх байх даа. Бас миний Facebook хуудсанд гадаадын бүх цаг үеийн дуунуудыг дуулаач гэсэн  50-д comment ирсэн. Тэрэн дундаас нэг дууг сонгосон бөгөөд хэрэв тэр хүн тоглолт үзэх юм бол тэр дуугаа зөвхөн түүнд хандаж дуулах болно. Мөн ивээн тэтгэгчдийн бэлэг гээд гэнэтийн зүйлээр дүүрэн байх болно.

-          Тэнүүн гэдэг хүн чинь уг нь дуурийн дуучин хэмээх мэргэжилтэй. Тоглолтон дээрээ дуурийн дуу дуулаад гайхашруулах юм биш биз?

-          (Инээв) Үгүй л дээ. Хэзээ нэгэн цагт дуулах л байх. Одоо цаг нь биш гэж бодож байна. Хэрвээ дуулахгүй бол дуурийн найруулагч хийгээд явж байхыг үгүйсгэхгүй л дээ.

-          Нээрээ Камертон хамтлагын “Хүлээлт” дууг төгөлдөр хууртай дуулсан байдаг. Тэгвэл тоглолтон дээрээ  гитарч юм уу, төгөлдөр хууртайгаа дуулах уу?

-          Өө тэгэлгүй яахав. Дуулна гэж бодож байгаа. Гадаадын хоёр дууг дуулна. Та бидний сайн мэдэх  Сhris medina “What are words” энэ дууг төгөлдөр хууртай дуулах болно. Энэ дуу үнэн гайхалтай хайрын дуу. Энэ өдөр дуулах нь яг тохиромжтой гэж бодсон.

 

-          Тоглолт дууслаа Тэнүүн гэдэг хүний ертөнцөөр ороод гарлаа. Үзсэн хүмүүс таны тоглолтоос юуг авч үлдээсэй гэж бодож байна даа?

-          Миний тоглолтоос “Ухаарал, баясал, цэнгэл” энэ гурвыг мартахааргүй байгаасай гэсний үндсэн дээр ихэд  анхааран ажиллаж байна даа.

-          Тоглолтын дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-          Энэ жил асар том төлөвлөгөөтэй ажиллах зорилготой байгаа. Есөн сард ямар нэгэн хамтлаг, дуучин сонгоод тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Мөн өөрийн бие даасан тоглолтоо 12 сард хийх бодолтой зорин ажиллаж байна даа.

-          Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье.

 

Г.Тэнүүний ертөнцөөр аялан, хайрын дуунууд сонсон нэг өдөр ч гэсэн  амар амгалан, тайван мэдрэмжийг авахыг хүсвэл гэгээн хайрын өдөр I Loft Function House-д уулзацгаая.

Дуучин тэнүүний дуунууд:

7 сарын 1

Болзоонд

Дээшээ

Мөнхий ус

Хамтдаа байвал болох уу

Худлаа даа

Хүлээлт

Өвлийн уянга

Дуучин Тэнүүний хуур-н хуудас

www.xyyp.mn/tenuun/