“Монгол поп-2” дэлхий даяар тархахнээ

2013/02/04

Төрийн соёрхолт дуучин Д.Болд хоёр оны зааг дээр 10 дахь бие даасан “Монгол поп-2” шинэ цомгоо худалдаанд гаргасан бөгөөд өнөөдөр “Blue sky” цамхагийн III давхарт байрлах Сrystal hall-д “Монгол поп-2” цомгийнхоо хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэрээр монгол хөгжмийн зэмсэгүүдийн аялгуутай хамт “Үүлэн домог” хэмээх дуугаараа хэвлэлийн бага хурлаа эхлүүлсэн бөгөөд “Намрын тухай бодол”, “ Хүн болж төрсөн минь учиртай”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дуунуудаа өргөн барьсан юм. Түүний хэвлэлийн бага хурал их өвөрмөц болсон бөгөөд тайз, зургийн үзэсгэлэн гээд үзэж харах зүйл ихтэй, нэгэн хэвийн байдаг хэвлэлийн бага хурлаас өвөрмөц болсон юм. Төрийн соёрхолт дуучин Д.Болд хэдэн хоногийн өмнөөс Itunes-т “Монгол поп-2” цомгоо худалдаалж эхэлсэн бөгөөд удахгүй www.amazon.com-оор “Монгол поп-2” дэлхий даяар худалдаалах болсон байна.

Цомгийн хувьд нийтдээ долоон дуутай. Мастер, микс-ийг нь Москвад хийлгэсэн бөгөөд хөгжмийн найруулга, хөгжимчид гээд олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл болжээ. “Үүлэн домог”, “Намрын тухай бодол” гэсэн хоёр дуу клиптэй болсон бөгөөд “ Монгол түмэн”, “ Чамдаа би хайргүй байхын аргагүй” гэсэн хоёр дуундаа клип хийлгэж байгаа юм байна. Тэрээр “Энэхүү цомогт орсон дуунуудынхаа шүлгэн дээр нэлээд анхаарч ажилласан бөгөөд Монголын нэртэй яруу найргийн мастеруудын бүтээлийг амилуулж өгсөн болохоор чанартай, чансаатай бүтээлүүд болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Төрийн соёрхолт дуучин Д.Болд Р.Чойномын шүлэг “Намрын тухай бодол” дуугаа Camerton хамтлагийн гишүүн Эбидээ зориулж хийсэн бөгөөд клипныхээ зураг авалтыг түүний Сэлэнгэ дэх тариалангийн талбай дээр хийсэн байна. Мөн Монгол улсын төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуугаа эхнэртээ зориулан эгшиглүүлсэн хэмээн хэлж байсан юм.

Тэрээр хэвлэлийн бага хурлын төгсгөлд “Удахгүй Монгол поп-2 тоглолтоо хийнэ. Мөн энэ жил Camerton хамтлагийн 18 жилийн ой болж байгаатай холбогдуулан бид шинэ CD-ны ажилд орчихсон байгаа. Түүнчлэн R&B цомог гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс удахгүй шинэ мэдээлэлтэй хамт уулзацгаая” хэмээн хэлсэн юм.